Thursday, October 25, 2012

Төсөв гэж юу вэ ?



                                                            Төсөв гэж юу вэ ?

Дэлхийд анх удаа Англи улс төсөв зохиож түүнийгээ хууль тогтоох байгууллагаар батлуулан хэрэгжүүлж эхэлсэн байдаг. 1686-1689 оны Английн хөрөнгөтний хувьсгалын дараа олон нийтийн шаардлагын дагуу Английн хатан хаан арга буюу ард иргэдээс авах татварын хэмжээг парламенттай зөвшилцөн тогтоосон байна.
Төр засгийн зүгээс өөрийн үндсэн үүргээ гүйцэтгэхийн тулд иргэд, байгууллага, аж ахуй нэгжийн орлогын тодорхой хэсгийг улсын төсөвт төвлөрүүлж, түүнийг үйлдвэрлэлийн болон үйлдвэрлэлийн бус хүрээний хэрэгцээнд зориулан дахин хуваарилахтай холбогдсон мөнгөний харилцааг төсөв гэнэ. Хэлбэрийн хувьд төсөв нь орлого, зарлагын төсөвлөсөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд жил бүр хууль тогтоох дээд байгууллагаар түүнийг баталснаар төсөв нь хуулийн хүчин төгөлдөр санхүүгийн баримт бичиг болно. Төсвийн бүтцийг бүрдүүлж байгаа улсын ба орон нутгийн нэгж, хэсгүүдийн төсвийн тогтолцоог төсвийн систем гэнэ. Төсвийн бүтцийг хуульчлан тогтоох ба түүнд төсвийн ангилал, төсвийн эрх, төсвийн тодотгол зэрэг ойлголтууд хамаарна. Мөн төсвийн бүтцэд орлого, зарлагыг улсын болон орон нутгийн төсвийн хороонд хуваарилах, төсвийн тэгшитгэл хийхтэй холбогдсон асуудал орно. Төсөв зохиох, батлах, түүнийг хэрэгжүүлэх талаар төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагын эрх, үүргийг хуульчлан тогтоохыг төсвийн эрх гэнэ.
Төрийн үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөг улсын төсөв гэдэг. Төрийн албан хаагчдын цалин хөлс, үйл ажиллагааны зардал, төрийн өмнөөс бизнес эрхлэх зардал, нийгмийн халамжийн тогтолцооны зардал гэх мэт.
Төсвийн систем, төсвийн бүрэлдэхүүн нь тухайн улсын төрийн байгуулалтын тогтолцооноос шууд хамаарна. Бүгд найрамдах улсад нэг үндсэн хууль үйлчилж, төр захиргааны болон эрх зүйн нэгдсэн тогтолцоотой байдаг ба төсвийн систем нь улсын ба орон нутгийн гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Монгол улс нь Бүгд найрамдах засаглал бүхий улс учир Монгол улсын төсөв нь улсын төвлөрсөн төсөв, орон нутгийн төсвөөс бүрдэнэ. Төсөв нь төр, засгийн зүгээс эдийн засгийн үйл амьдралд хөндлөнгөөс оролцох нэг зэвсэг болдог байна. Үндэсний орлогын тодорхой хэсгийг улсын төсөвт төвлөрүүлэн түүнийг төрийн бүх шатны албан хаагчдын цалин хөлс болон тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд зарцуулах, эдийн засгийн тодорхой салбарт хөрөнгө оруулалт хийх, шинжлэх ухааны тодорхой салбарыг дэмжих зэргээр төрөөс эдийн засгийн амьдралд төсвөөр дамжуулан оролцдог. Мөн шинэ зах зээл олж авах, зарим салбарт гадаад орнуудтай өрсөлдөх, өөрийн найдвартай түнш орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зэргээр гадаад орны эдийн засагт хөндлөнгөөс оролцоход төсөв чухал үүрэг гүйцэтгэнэ.
Төсөвтэй холбоотойгоор хоёр асуудал үүсдэг. Эхнийх нь төлөөллийн асуудал. Миний мөнгийг зохистой зарцуулаарай гэж сонгогчид улс төрчдөд итгэл үзүүлдэг. Харин тэр итгэлийг нь даахгүй байх явдал элбэг тохиолддог. Энэ нэг асуудал. Өөр нэг асуудал бол нэг савнаас өөр өөр сонирхол бүхий олон бүлэглэлүүд али болохоор хүртэхийг хичээдэг. Тухайлбал, эмэгтэйчүүд, хүүхдүүд, ядуучууд, тахир дутуу хүмүүс, үндэсний цөөнх, цаашилбал үндэсний үйлдвэрлэгчид, экспортлогчид, хүнсчид, ногоочид гэх мэт олон чиглэлийн ашиг сонирхол нэгтэй хүмүүс нэгдэж, нэгдсэн нэг тогооноос илүү ихийг хүртэхийг хичээнэ. Тогоо дүүрэн байсан ч энэ бүлгүүдийн хүслийг гүйцэлдүүлэхэд хүрэлцэхгүй. Тиймээс ч төсвийн алдагдал, төсвийн хямрал, төсвийн өсөлт гэх мэт ойлголтууд үүснэ.
Ийм хоёр учир шалтгааны улмаас төсвийг хяналттайгаар зарцуулах учиртай. Харин яаж хяналтад оруулах вэ?
Иж бүрэн байдал
Төсвийн мэдээлэл иж бүрэн, өөрөөр хэлбэл төрийн нэрээр түүний сав хөмрөгт орох , гарах мөнгө бүгдийг нь иж бүрэн бүртгэдэг байх учиртай. Харин төсвийн тогоонд оруулж бүртгэхгүйгээр зарах юм бол түүнд хяналт тавихад хүндрэл учирч болно. Үүнийг төсвийн гадуурх сан гэж нэрлэх нь бий. Тухайлбал, төсвөөс гадуур тусгай сан байгуулдаг. Түүнчлэн төсвийг хийхдээ ирээдүйд үүсэх нөхцөлтэй уялдуулан тодорхой бусаар зааж өгдөг. Жишээ нь дотоодын нийт бүтээгдэхүүний тодорхой хувь, зэсийн үнээс хамаарсан байдал зэргээр. Ингэж тодорхой бусаар зааж өгөх нь эргээд төсвийг хянахад хүнрэл учруулдаг. Мөн төсвийн бус бусад хуулиар тодорхой зарлага төр гаргаж байх үүрэг хүлээх явдал байдаг. Тухайлбал, хүүхдийн аж байдалд зориулж дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувийг зарж байх ёстой гэх мэт. Бас нэг хяналтыг сулруулдаг, иж бүрэн байдлыг алдагдуулдаг нөхцөл бол засгийн газар ямар нэгэн баталгаа гаргах, бусад хэлбэрээр үүрэг хүлээх явдал ба гэнэт тодорхой үүрэг хүлээх нөхцөл үүсвэл тэр нь төсөвт ихээхэн зардал болон хүндрэл учруулдаг.
Ил тод байдал
Ил тод байдал гэдэг нь үндсэндээ иргэд төсвийн талаар ойлгохуйц хэлбэрээр мэдээлэл авах боломжтой байхыг хэлдэг. Төсөвт хаанаас ямар хэмжээний мөнгө хэзээ орж ирэв, хэний шийдвэрээр хэрхэн зарцуулагдав гэсэн ил тод мэдээлэл байх ёстой. Ил тод байдал хангагдаагүй орчинд төсвийн мөнгийг хувийн сонирхолд нийцүүлэн зарцуулах нөхцөл бүрдэнэ. Тиймээс ч төрийн тогтолцоог ялзралаас аврах нэг чухал нөхцөл бол ил тод байдал. Үнэхээр ч аливаа нянг хамгийн сайн устгадаг эм бол нарны гэрэл гэдэг.
Монголд төсвийн мэдээллийн ил тод байдал тэр бүр байдаггүй. Сүүлийн жилүүдэд энд тэнд гол төлөв бүрэн бус мэдээлэл гарч байдаг. Гол төлөв улс төрийн эсвэл албан тушаал булаацалдсаны үр дүнд төсвийн талаарх зарим ноцтой мэдээлэл хэвлэл мэдээллийн хуудаснаа хүрдэг. Харин төсөв захирагчид өөрсдийн санаачлагаар мэдээллийг нээлттэй болгох явдал тун цөөн. Тухайлбал, улсын төсвийн төсөл гээчийгЗасгийн газар УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар жил бүрийн 10 дугаар сарын 1-ний дотор өргөн баридаг. Харин иргэдэд 11 сарын дундуур л вэб хуудсаар дамжуулан хүргэдэг. Энэ үед нь УИХ аль хэдийнээ төслийг хэлэлцээд, гол зарчмын шинжтэй хийх өөрчлөлтүүдээ үндсэндээ тохирчихсон байдаг. Ийм нөхцөлд иргэд ирэх жилийн төсөвт дүн шинжилгээ хийж, өөрсдийн хүссэн зүйлсийг тусгуулах нөхцөл, боломж үндсэндээ байхгүй юм.