Wednesday, March 28, 2012

" Боолын хөдөлмөр "


“Боолын хөдөлмөр”
УИХ-ын 2 гишүүн зурагтаар ярьж байх юм. “.......Гадаадад байгаа монголчууд боолын хөдөлмөр эрхлэж байна . Тиймээс тэднийг боолын хөдөлмөр эрхлэхийг болиулж , эх оронд нь авчирч , ажиллуулья. “ . Энэ яриаг сонсоод надад ер нь “Боолын хөдөлмөр” гэж юуг хэлээд байгаа юм бол доо гэсэн бодол төрсөн юм.Бид  боолын хүнд , хэцүү ажил хөдөлмөрийн тухай түүхийн болон уран зохиолын олон ном , зохиол , судараас болон  киноноос мэддэг. Боолууд өөрийн хүслээр бус эздийн дарамт , шахалт доор хүчээр хөдөлмөрлөж , өчүүхэн төдий цалин , хөлс, амьжиргааныхаа хоол хүнснийхээ төлөө  ажиллаж байсныг бид номноос уншиж , киноноос харцгаасан. Одоо ч энэ байдал зарим улс оронд байж л байгаа . Эрхэм гишүүдийн ярьж байгаар  бол  гадаадад  ажиллаж байгаа  монголчуудын ихэнх нь ер нь  боолын хөдөлмөр эрхлэдэг юм байна л даа. Тиймээс  би гадаадад ажиллаж , амьдарч байгаа монголчуудаасаа та нар тэгээд харьд “боолын хөдөлмөр”  эрхлээд байгаа юм уу гэж асуумаар байна .   Харийн оронд ажиллаж , хөдөлмөрлөж байгаа монголчуудыг ( албан ёсоор  100 мянга гаруй , албан бусаар 200 –аад мянган  ) УИХ –ын гишүүд болон эх нутагтаа байгаа ихэнх монголчууд боолын хөдөлмөр эрхлэдэг  мэтээр  ярьж , бичицгээдэг нь дэндүү хөөрхийлөлтэй тэнэглэл юмуу даа . Харин өөрсдөө эх орондоо жинхэнэ боолын хөдөлмөр эрхлэж  байгаагаа мэддэггүй л юм байхдаа . Дотоодын цөөхөн хэдэн гэр бүл болон  гадаадын хөрөнгө оруулагч нэртэй луйварчид ,тэдний гар хөлийнхний мөлжлөг доор боолчлогдон  өчүүхэн төдий цалин нэртэй “хаялаг” –д алалцан , цөлмүүлж байгаагаа мэдэж л байгаа даа бид нар .  Олборлож байгаа ашигт малтмал, байгалийн түүхий эд , үйдвэрлэж байгаа бүтээгдэхүүн , импортлож байгаа барааны үнэ нь дэлхийн дундаж үнэ өртөгөөс  өндөр байгаа мөртлөө авч буй цалин хөлс нь дэлхийн дундажаас 3-10 дахин бага байгаа нь  яалт ч аргагүй бид боолын хөдөлмөр эрхлэж байгаа хэрэг биш үү. Тэгвэл харин гадаадад ажиллагсад маань хийсэн ажил хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж , хийснийхээ хэрээр , чадвараар үнэлэгдэж чадаж байгаа. Тэгэхээр хэн нь боолын хөдөлмөр эрхлэж байна даа. Тэгээд ч тэдний гэр бүл , үр хүүхэд, эцэг эхдээ сар бүр шилжүүлж байгаа 50-500 ам. доллар нь  улс орны эдийн засагт ямар их хувь нэмэр болж  байгааг тооцоолшгүй .   Бүтээн байгуулалт , эх орноо хөгжүүлж байна гэсэн  нэрийн дор улс орныхоо баялагийг ухаж төнхөж , эх орныхоо унаган байгалийг гадаадын хөрөнгө оруулагч нэртэй “ боолчлогч”-той нийлж сүйтгэж , цөлмөж байгаа ” цөөнхийн ариун цагаан гэх “ хөдөлмөртэй нь харьд ажиллагсадын “ боолын “ гэх хөдөлмөрийг  харьцуулж нэг хараарай. Тэд эх орныхоо баялагийг харийнхантай нийлж цөлмөөгүй , худалдаагүй , харин тэд өөрсийнхөө оюун ухаан , биеийн хүчийг л үнэлж , шударгаар хөдөлмөрлөж байгаа монголчуудын нэг хэсэг.  Харьд ажиллагсад  ариун цагаан хөдөлмөрөөрөө гэр бүл , эх орноо тэтгэж байгаа бол  харин эх орондоо байгаа мөртлөө харийнханд болон     “ цөөнхөд “ боолчлогдсон  бид хөөрхийлөлттэй .
     СЭЗДС-ийн Бизнесийн Удирдлагын магистрант Ч . Раднаа

Tuesday, March 20, 2012

Монголын " эрсдэлүүд "


Монголын    ” Эрсдэлүүд “ .
1.       ТӨР
Төр нь монголын хамгийн гол эрсдэлийн нэг. Төрийн цэгцтэй , алсыг харсан , туйлбартай , хариуцлагатай , бие даасан , нээлттэй ил тод , хуулийг чандлан сахигч бодлогогүй байгаас болж төрийн бодлого сонгуулийн 4 жилийн циклд зориулагдсан богино настай , өнөө маргаашаа аргацаасан байгаа нь бидний гол эрсдэл болоод байна. Төрийн залгамж чанар болон бодлогод   төрд “шургалсан”  цөөн хэдэн хүний үр хүүхэд ,  тэдний танил тал  , нутаг усны хүмүүс болон  бараг цус ойртох хэмжээнд хүрсэн тэдний хүрээлэлийн нөлөөлөл нь төрийн бодлогыг чин шударгаар явуулахад хамгийн их саад тогтвор болж байна.  Олигархижсан  , авлиглалыг шүтэгч  “ хэсэг бүлэг” нөхөдөөс бид нэн даруй салахгүй л юм бол тэд улс орны хөгжлийг  хойш татаж , бидний  “ жаргал “ –ын замд асар ихээр “шаврын “ хаалт болно. Тиймээс бид “ тэднээс” хэр хурдан салж чадна , төр төдий чинээ хурдан цэвэршиж , төрийн бодлого “ ариусана”.
2.      Улс төрийн намууд
 Монгол улс нь парламентын засаглалтай орон болохоор яалт ч үгүй улс орны бодлогыг улс төрийн намуудын бодлого тодорхойлно .  2012 оны  сонгуулийн шинэ хуулиар эрх баригч 2 хүчин бие даан нэр дэвших боломжуудыг бараг хаачихлаа.  Сонгогдоод гараад ирлээ ч гэсэн одоогийн УИХ-ын гишүүн З. Алтай шиг л  ямарч нөлөөгүй  байх байлгүй . Харин 7 –гоос дээш бие даан нэр дэвшигч  сонгогдож чадвал бүлэг байгуулах эрхтэй болж , бодлогод нөлөөлж болох юм .Монголын  дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 19 намуудын үзэл баримтлал , чиг бодлого , дүрэм нь хоорондоо бараг адилхан , намуудын 80 % нь бараг зүүний чиг баримжаатай ,  нийгмийн хөгжлийн талаар баримтлах онол , чиг баримжаа , үзэл санаа нь тодорхой бус , зөвхөн намын нэр , ганц нэг лидерүүдээрээ ялгагддаг сул дорой намууд л манайд байна . Уул нь орчлон ертөнцөөр дүүрэн түм буман онол , үзэл санааны “ идеаль “ – ууд байгаа шүү дээ .  Барууны үзэлтэй гэгдэх Ардчилсан Нам  нь зүүний намтай эвсэж засгийн эрхийг барьж л байдаг.  Тиймээс намууд нь  улс төрийн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр  бодлого , үзэл баримтлалаа дахин шинээр боловсруулж , хоорондоо өрсөлдөх хэрэгтэй . Ингэж л байж бие биенээсээ ялгарч ,  иргэд болон гадныханд танигдана.  Улс төрийн намууд  шинэчлэгдэн , төгөлдөржих нь та бидний амьдралд шууд биш юм аа гэхэд дам нөлөөлөх болно. 
3.     Эдийн засаг 
Монголын эдийн засгийн хэт үсрэнгүй хөгжил нь цаашдаа бидэнд том эрсдэлийг бий болгоно .  Төсвийн хэт тэлэлт , инфляцын өндөр түвшин , баян хоосны хэтэрхий ялгаа , зөрөө нь  эрсдэлийг улам л нэмэгдүүлж байна. Уул уурхайгаас улам их хамааралтай болж , улс орны эдийн засаг ганц тулгууртай болсоор байгаа нь айдсыг төрүүлсээр байна . Улс орны хөгжлийг олон тулгууртай болгож , импортлогч орноос экспортлогч , үйлдвэрлэгч  орон руу хэр хурдан шилжихээс хамаарч бидний эрсдэлийн хэмжээ  , хэмжүүр багасаж , улс орны хөгжил ,  дэвшлийг   түргэтгэнэ.   Хөгжлийн бодлого жигд өсөлтэй , хэт савалгаагүй ,  тогтвортой байх нь эрсдэлийг тооцоход  дөхөмтэй бөгөөд ашигтай .
4.     Банк
Саяхан Монгол банк бодлогын хүүгээ нэмэгдүүлж  12.75 болгосон  явдал нь бас л эрсдэлийг бий болгож байна  Бодлогын хүүгээ  нэмэгдүүлсэн нь    “ инфляци  ” хэмээх байгаа хэр оновчтой онож байгаа юм болдоо. Энэ бол гал унтраах  түр зуурын нэг арга хэмжээ. Эдийн засагт эргэлдэж буй мөнгийг “ бодлоготой”- гоор ингэж татах нь цаашдаа үр өгөөжөө өгөхгүй болов уу. Сарын дараагаас уул уурхайн үйлдвэрлэл , олборлолт  сэргээд , ноолуурын мөнгө ороод ирэхээр дахиад л хүүгээ өсгөх үү.  Энэ бол буруу бодлого . МБ болон УИХ  мөнгөний бодлогодоо эрс өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Хөгжлийн банкны босгосон  5,75 % -ийн хүүтэй , 5 жилийн хугацаатай , 580 сая ам.доллар нь бидэнд харин ирээдүйдээ итгэх итгэлийг нэмэгдүүллээ. Монголыг гадныхан ямар их сонирхож байгааг бонд худалдаж авах гэсэн 6 тэрбум ам . долларын хэмжээний санал харуулж байна.  Одоо ЗГ төсөл , хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх гэж санаа зовох шаардлагагүй болж байна . Гэтэл гаднаас бага хүүтэй мөнгө олоод ирэхэд МБ нь эсрэгээр хүүгээ нэмж байдаг. Сонин л юм .  МБ –ны бодлого ЗГ –ын бодлоготой  ийм мэтээр зөрөөд байвал эрсдэл улам л нэмэгдэх байх.
5.     Геополитик
Монгол улс 2 их гүрний дунд оршдог , хөгжлөөрөө хөршүүдээсээ хоцрогдсон буурай орон.  Гэвч бид энэ  2  гүрнийг бодвол хүний эрх чөлөө дээдэлсэн , үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг , ардчилсан баримжаатай , бахархам түүхтэй хөгжиж байгаа улс.  НҮБ –ын 61 дэх гишүүн ,  дэлхийн 163 оронтой дипломат харилцаатай , дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны улс .  Гэхдээ бид газарзүйн байршлаасаа хамаарч , дээр нь далайд гарцгүй учраас геополитикийн хувьд дэлхийн бусад орноос өвөрмөц бодлогыг баримтлаж ирсэн . Энэ нь ч аргагүй юм. Мөнхийн хөрш 2 их гүрний ашиг сонирхлыг тэнцвэртэй барьж , бусад улс орнуудыг 3 дах хөршөө гэж үзэн ижил тэнцүү харьцаж ирсэн . Цаашдаа ч энэ бодлогоо чандлан барьж явах байх . БРИКС- ийн гишүүн 2 хөрш маань эдийн засгийн өсөлт , хөгжлөөрөө цаашид дэлхийд тэргүүлсээр байр бөгөөд энэ ч бидэнд ашиг тусаа өгсөөр байх  болно . Гагцхүү нэг нам , нэг хүний дор “ удирдагдаж “  байгаа  2 их гүрэнд улс төрийн эмх замбараагүй байдал “ хаус “  бий болбол  бидэнд том эрсдэлийг бий болгоно.  Тиймээс бид 2 хөршийн улс төр , эдийн засаг нь тогтвортой байгаасаа гэж л залбирч байвал өлзийтэй.  2 хөрш биднийг хэзээ ч     “ давраахгүй “ ,  2 – уулаа хянаж , хоорондоо “ ханцуйндаа “ тохиролцсоор л байх болно.  Харин бид үүнийг мэдэрч , тоглоомын дүрмийг зохиоход нь овсгоотойгоор оролцож ,” зальжин “ бодлого баримталдаг байя.   
                                        (  Үргэлжлэл бий .)
                       СЭЗДС-ийн Бизнесын Удирдлагын магистрант Ч. Раднаа

Friday, March 16, 2012

Цагаачдын " диваажин " Монгол болох бий вий.


                     Цагаачдын “диваажин “ Монгол болох бий вий .
2011 онд монголын эдийн засгийн өсөлт 17.3% -д хүрсэн бөгөөд энэ жил 14% -д хүрч ялимгүй буураад , цаашдаа 12% -аас буурахгүйгээр 20 гаруй жил үргэлжилнэ гэж гадаад , дотоодын судлаачид таамаглан , энэ тооцоо нь дээрээ үндэслэн цаашдынхаа бизнес төлөвлөгөөнүүдээ боловсруулж байна. Энэ оны сүүлчээр нэг хүнд ноогдох ДНБ хэмжээ бараг 5 мянган ам.доллар хүрнэ гэсэн ба энэхүү үзүүлэлт нь  жил өнгөрөх тусам нэмэгдэж , ерөөсөө хэдхэн жилийн дараа нэг хүнд  ноогдох ДНБ – ний хэмжээгээрээ дэлхийн дундаж хэмжээнд хүрч магадгүй , түүнээс ч илүү болж , одоогоор дэлхийн хамгийн баян улс гэгдээд байгаа Катарын ( нэг хүнд ноогдох ДНБ нь 88 мянган ам.доллар ) хэмжээтэй өрсөлдөх ч юм бил үү.  Энэхүү эдийн засгийн өсөлт нь гагцхүү биднээс болон дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарна. Уул нь бидэнд өсөн хөгжих “ цонх “ –ны үе нээгдээд байгаа бөгөөд энэ “алтан” боломжийг ашиглан үсрэнгүйгээр улс орноо хөгжүүлэх боломж байгаа билээ . Улс төрийн нөхцөл байдал хэрүүл , уруултай ч гэсэн урагшилж л байна . Ямар ч байсан нэг хүн , нэг намын дарангуйлал бидэнд алга. Энэ нь бидний мөнхийн хөршүүдээс ялгарах давуу тал.  Орос орон цаашдаа бараг 12 жил нэг хүний дарангуйлал дор явж ,  түүнээс цааш В. Путин магадгүй, анх түүнийг Б. Ельцин гаргаж ирсэн шиг өөрийнхөө залгамжлагчийг мөн адил бэлдэн гаргаж ирэх байлгүй.  Хятадыг дурьдаад ч хэрэггүй , мөнөөх л коммунист нам нь үе үеийхээ удирдагчдыг бэлдэн , улс орноо удирдаад л явна . “ Стан “ –ууд ч ялгаагүй нэг хүний дарангуйлалаар цаашид  явах дүр зураг харагдаад байна.  Мэдээж эдгээр улс орнуудад байгаа сөрөг хүчинүүд тэмцэх байх л даа . Гэвч сая Оросд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн тэдний тэмцлийг мохоосон болов уу.  Үзэл бодол , эдийн засгийн гадуурхлаас болж эдгээр улс орноос дүрвэх хүний тоо жилээс жилд нэмэгдэх болно. Саяхан Хятадын саятнуудын дунд явуулсан судалгаагаар Хятадын баячуудын 40% нь гадаадад амьдрах сонирхолтой гэж хариулсан байсан .  Энэ мэтчилэн манай хөршүүд маань нэлээд гадагшилах нь. Зүүн Хойд Азийн бүс нутагт буюу Төв Азидаа цор ганцаар ардчилсан замаар хөгжиж байгаа Монгол улс тэдний хувьд хамгийн ойр, дөт зорих  орон нь байх болов уу.  Мөн дээр дурдсанаар Монголын эдийн засгийн  “ чоно “ гэгдээд байгаа   өсөлт нь яах аргагүй тэднийг татах болно. Тун удахгүй 2015 оноос  манай улс ажиллах хүчний хомсдолд орно гэж мэрэгжлийн байгууллагууд нь сануулаад байдаг.  Тэгээд яах ёстой юм бэ? .   Онц шаардлагатай гадны ажилчдыг оруулж ирэхдээ нэг улсаас хамаарах хамаарлыг багасгаж , ижил тэнцүү квотыг гадны улс , орны  ажилчдад олгох хэрэгтэй.  Хятадаас гадна Хойд Солонгос , “ Стан” –ын ажилчдыг тодорхой тоотойгоор ажиллуулах гэх мэт. Харин “ оюунлаг ” хэсгийг нь тусгай шалгуураар  шалгаж , улс орондоо нэн хэрэгцээтэй ажил , мэрэгжилтэй  сэхээтэнүүдийг зохих тоотойгоор оруулах хэрэгтэй . Хэрвээ бид хамаа замбараагүй , ямар ч шалгуургүйгээр  гадныханд “ хаалга” –аа нээвэл тун удалгүй л бид Баруун Европ , Хойд Америк шиг цагаачдын “ бум” –д дарагдах болно. Тиймээс төр , засаг хил , гаалийн бодлогоо  илүү чангатгаж ,  цагаачдын асуудалдаа анхнаасаа л барьж байсан чанга бодлогоо үргэлжлүүлэн явуулбал зохилтой.
          СЭЗДС-ийн Бизнесын Удирдлагын магистрант Ч . Раднаа

Wednesday, March 7, 2012

" Долоо хэмжиж , нэг огтол "


“Долоо хэмжиж , нэг огтол “
Саяхандаа Налайхын  “ ХААН “ банкны салбарт дээрмийн халдлага болж , нэг хүний амь үрэгдэж , гэмт хэрэгтэн удалгүй баригдсан . Гэмт хэрэгтэн нь Англид ажиллаж , амьдарч байгаад ирсэн залуу байсан бөгөөд гэмт хэрэг хийх гол сэдэл , шалтгаан нь хэдэн төгрөгтэй болж , улмаар гадаад орон руу явах зорилготойгоор гэмт хэргийг үйлдсэн гэсэн . Энэ гэмт хэргийг үйлдсэн олон учир шалтгаанууд дотроос хамгийн гол шалтгаан нь миний бодлоор гэмт хэрэг үйлдсэн залуу Монголдоо ирээд  дасан зохицож чадаагүйгээс болж уг гэмт хэргийг үйлдсэн болов уу.  Эх орондоо буцаж ирэхдээ мань эр мэдээж , сайн сайхныг мөрөөдөж , их хүсэл эрмэлзэлтэйгээр ирсэн л байлгүй . Гэтэл монголын  байгаа бодит байдал нь бодож , төсөөлж байснаас нь шал өөр , бүр эсрэгээр байсан нь түүнд хүнд зохилт болсон байх.  Хэдэн жил ажиллаад  хурааж , хуримтлуулсан юм нь нүд ирмэхийн зуур үрэгдээд , хүссэн ажилдаа орох гэхээр мэдлэг, боловсрол , танил тал нь дутагдаад , хувийн бизнес хийе гэхээр  мөнгө нь багадаад , нэрэлхүү зандаа баригдаад ажлыг голоод , нутагтаа байсан үеийн найз нөхөд нь аль хэдийн амжилтанд хүрч , ахуй амьдрал нь тэгширснийг хараад  хэцүү байснаас болж , түүнд аль нэг гадаад орон руу явахаас өөр гарц олдоогүй байх.  Гадагшаа явахын тулд мөнгө хэрэгтэй болж үүнээс улбаалан энэ гэмт хэргийг үйдсэн байх. Гадаадад байгаа олон залуус эх орон руугаа яаран тэмүүлж , буцаж байгаа өнөө үед  залуус энэ гэмт хэргийн учир шалтгаанд  өөр өөрийн дүгнэлтийг хийгээл үзээрэй. Би гэр орон руугаа яарч байгаа залуусыг хорих  гээгүй  , гэхдээ тодорхой зорилготой , бодолтой байж энэ шийдвэрийг гаргаарай. Ямар ч зорилго , хүсэл эрмэлзэлгүй , тодорхой хэд хэдэн хувилбартай төлөвлөгөөгүй бол яарч шийдвэр гаргаад хэрэггүй байх.  Монголд ажилгүй ,улсын халамж , тэтгэмжийг хүртэж , төрийн сан хөмрөгийг хороож , зүгээр хэвтэж байснаас наанаа ажлаа хийгээд яваж байсан нь дээр.  Харьд  нэг өдөр  ажиллаад олдог мөнгийг   монголдоо 3-5 өдөр ажиллаж байж олно шүү. Харин өөртөө тавьсан зорилготой , ажил , цалингаа голохгүй , өөрийгөө байнга хөгжүүлэх , улс орныхоо бүтээн байгуулалтанд гар бие сэтгэлээрээ оролцох чин хүсэлтэй , үеийнхэнтэйгээ адил өсөн дэвжих тэмүүлэлтэй , нийгэм дэх бузар булайг өөрчлөх бодол хүсэл , эрмэлзэлтэй байгаа залуусыг бол  эх орондоо “ Welcome   “ гэхүү дээ.