Tuesday, November 27, 2012

Яагаад болохгүй гэж ?



Яагаад болохгүй гэж ?

DDish – ийн  антенныг хараад бодлоо л доо.  Хот , хөдөө, лагер, зуслангүй хүмүүс тавиулсан байна лээ.  Сайн гардаг болохоор нь тавиулсан байх л даа. Гэхдээ нэг юм дутаад байгаа юм шиг санагдаад байдаг юм. Интернет одоо хүний өдөр тутмын жирийн , байнгын хэрэглээ болж , гэхдээ интернетийг хүн бүр , айл гэр, албан байгууллага болгон ашиглаж , хэрэглэж чадахгүй байна.  Шалтгаан нь ойлгомжтой  интернетийн сүлжээ очоогүй.  Уулын мухарт , дов жалганд байгаа хэн нэгэн хотын , төвийн нэгэнтэй адил интернетийг ашиглах хэрэглэхийг хүсэж байгаа. Мөн хэдэн хонь, ноолуураараа хотод байгаа үр хүүхэддээ чамгүй үнэ төлж авч  өгсөн магадгүй өөрөө ч авсан  “ ухаалаг ” нэртэй утасыг  бүрэн дүүрэн ашиглахыг хүсэж байгаа нь гарцаагүй. Уулын жалга, хонхор болгонд байгаа хэн нэгэнд  шилэн кабелийг татаж , холбон өгч чадахгүйгээс  хойш арай өөр арга, зам хайх хэрэгтэй байх.  Тэгээд бодлоо л доо.  Яагаад бараг айл болгонд байгаа  тавган антеннийг “интернетийн  модем “ болгож болохгүй гэж ? . Тавган антенн дээр нэмэлт төхөөрөмж суурилуулаад зурагтаа ч үзээд , интернетдээ холбогдоод байж болдоггүй юм байх даа. Би IT , техникийн хүн биш л дээ. Яахав, мэргэжлийн бус болохоороо буруу бодоод байж болох юм. Гэхдээ л хийж, бүтээж болохоор санагдана. Мэдээж энэ технологид сансарын хиймэл дагуул , дамжуулах станц зэрэг маш хэрэгтэй байх . Үүнийг шийдэж болно гэж үзэж байна.  Шинэчлэлийн засгийн газраас хөдөөд интернетийн үнийг бууруулж, хурдыг нь нэмнэ гэж зарлаад байсан . Тэрчлэн манай улс удахгүй өөрсдийн 2 ч хиймэл дагуулаа хөөргөх болно гэж байсан.  Хөөргөхөөс нь өмнө манай IT, электроникийн инженерүүд  иймэрхүү маягийн төхөөрөмжийг хийчхээд бэлэн болгочихсон байвал  цаг алдахгүй шүү дээ. Хэрвээ энэ төхөөрөмжийг бүтээж , хийж чадвал дотооддоо төдийгүй дэлхий ямарч улс оронд өөр хэлбэл хаа ч зарагдан гэж бодож байна.

Saturday, November 24, 2012

Өрсөлдвөл яасан юм бэ ?














Өрсөлдвөл  яасан юм бэ ?           ҮНЭН” сонин № 307  1990 он.12 сарын 24 өдөр

                Аж ахуйгаа эдийн засгийн аргаар жолоодох тухай Намын Төв Хорооны 7-р бүгд хуралд ярьсныг би ирээдүйнхээ зорилтын үүднээс сонирхон уншлаа. Эдийн засгийн аргад өрсөлдөөн чухал ач холбогдолтой гэж бодлоо. Ялангуяа хөрөнгөтөн орнуудад эдийн засгийн өрсөлдөөн бүр ч хүчтэй байдаг нь гадаад , дотоодын хэвлэл мэдээллээс , багш нарын ярианаас бидэнд тодорхой байна. Миний бодлоор бол өөр хоорондоо хүмүүсийн хэрэгцээг хангах чанартай бүтээгдэхүүнээрээ , үр ашгаараа өрсөлдөж болохоор үйлдвэр байгууллага манайд  хаа л бол хаана байна шүү дээ. Наад зах нь одоо бүх аймагт ахуйн үйлчилгээний комбинат , хүнсний үйлдвэр гээд хүн ардын өргөн хэрэгцээний бараа , хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр байдаг гэдэг. Манай орон нутгийн үйлдвэрүүд орон нутгийнхаа л хэрэгцээг хангах гэсэн ойлголттой байдаг юм биш бол  тэд орон нутгийн хэрэгцээг хангаад илүү гарсан бүтээгдэхүүнээ бусад аймаг , хотод худалдах , ер нь улсын үйлдвэрүүдтэй өрсөлдөж болмоор юм. Манай улсад ганц байдаг гутлын үйлдвэрийн бүтээгдэхүүн тоогоор биш чанараар дутмаг юм. Ахлах ангийн сурагч бид эх орны үйлдвэрийн гутлыг голж , импортын гутал өмсчих санаатай байдаг. Гутлын үйлдвэрийн ах эгч нах маань улсад өөр үйлдвэр байхгүй юм чинь бидний хийсэн гутлыг хөдөлмөрчид  авахдаа л авна гэж боддог юм биш байгаа. Манай жинхэнэ арьс ширээр хүмүүсийн шохоорхоод байгаа гутлыг гадаадынхаас ч илүү хийчих бололцоо байгаа л даа. Өөрсдөө  байгуулсан үйлдвэр биш ах дүү орны байгуулж өгсөн үйлдвэр болохоор технологи дутах ёсгүй. Гутлын одоогийн үйлдвэрт  технологи биш харин өрсөлдөөн дутдаг байхаа. Болдогсон бол одоогийн гутлын үйлдвэрийг 3-4 жижиг үйлдвэр болгон машин , тоног төхөөрөмжийг нь технологийн шаардлагын дагуу хуваан өгч үйлдвэр бүрийг бие даалган бүтээгдэхүүнээ гаргадаг болговол өрсөлдөх чадвартай болох биш үү ? Тэгвэл чанаргүй бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэр нь чанартайдаа ялагдахгүйн тулд шинэ загварын бүтээгдэхүүн хийх гэх мэтээр өрсөлдөөн бий болох ёстой.
Ахуйн  үйлчилгээний комбинат , хүнсний үйлдвэр , гутлын үйлдвэр төдийгүй бусад манай улсын бүхий л салбарын үйлдвэр , аж ахуйн газарт бүтээгдэхүүний хийц , өнгө үзэмж , эдэлгээ , амт чанарын түвшинг дээшлүүлэхийн төлөө жинхэнэ өрсөлдөх  хөдөлгөөнийг өрнүүлбэл яасан юм бэ ? гэсэн санал байна. Би сургууль төгсөөд  ажил хөдөлмөр эрхлэхдээ  үүнийг л эрхэмлэнэ.
            Нийслэлийн 77-р дунд сургуулийн аравдугаар ангийн сурагч Ч.Раднаа.