Saturday, November 24, 2012

Өрсөлдвөл яасан юм бэ ?














Өрсөлдвөл  яасан юм бэ ?           ҮНЭН” сонин № 307  1990 он.12 сарын 24 өдөр

                Аж ахуйгаа эдийн засгийн аргаар жолоодох тухай Намын Төв Хорооны 7-р бүгд хуралд ярьсныг би ирээдүйнхээ зорилтын үүднээс сонирхон уншлаа. Эдийн засгийн аргад өрсөлдөөн чухал ач холбогдолтой гэж бодлоо. Ялангуяа хөрөнгөтөн орнуудад эдийн засгийн өрсөлдөөн бүр ч хүчтэй байдаг нь гадаад , дотоодын хэвлэл мэдээллээс , багш нарын ярианаас бидэнд тодорхой байна. Миний бодлоор бол өөр хоорондоо хүмүүсийн хэрэгцээг хангах чанартай бүтээгдэхүүнээрээ , үр ашгаараа өрсөлдөж болохоор үйлдвэр байгууллага манайд  хаа л бол хаана байна шүү дээ. Наад зах нь одоо бүх аймагт ахуйн үйлчилгээний комбинат , хүнсний үйлдвэр гээд хүн ардын өргөн хэрэгцээний бараа , хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр байдаг гэдэг. Манай орон нутгийн үйлдвэрүүд орон нутгийнхаа л хэрэгцээг хангах гэсэн ойлголттой байдаг юм биш бол  тэд орон нутгийн хэрэгцээг хангаад илүү гарсан бүтээгдэхүүнээ бусад аймаг , хотод худалдах , ер нь улсын үйлдвэрүүдтэй өрсөлдөж болмоор юм. Манай улсад ганц байдаг гутлын үйлдвэрийн бүтээгдэхүүн тоогоор биш чанараар дутмаг юм. Ахлах ангийн сурагч бид эх орны үйлдвэрийн гутлыг голж , импортын гутал өмсчих санаатай байдаг. Гутлын үйлдвэрийн ах эгч нах маань улсад өөр үйлдвэр байхгүй юм чинь бидний хийсэн гутлыг хөдөлмөрчид  авахдаа л авна гэж боддог юм биш байгаа. Манай жинхэнэ арьс ширээр хүмүүсийн шохоорхоод байгаа гутлыг гадаадынхаас ч илүү хийчих бололцоо байгаа л даа. Өөрсдөө  байгуулсан үйлдвэр биш ах дүү орны байгуулж өгсөн үйлдвэр болохоор технологи дутах ёсгүй. Гутлын одоогийн үйлдвэрт  технологи биш харин өрсөлдөөн дутдаг байхаа. Болдогсон бол одоогийн гутлын үйлдвэрийг 3-4 жижиг үйлдвэр болгон машин , тоног төхөөрөмжийг нь технологийн шаардлагын дагуу хуваан өгч үйлдвэр бүрийг бие даалган бүтээгдэхүүнээ гаргадаг болговол өрсөлдөх чадвартай болох биш үү ? Тэгвэл чанаргүй бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэр нь чанартайдаа ялагдахгүйн тулд шинэ загварын бүтээгдэхүүн хийх гэх мэтээр өрсөлдөөн бий болох ёстой.
Ахуйн  үйлчилгээний комбинат , хүнсний үйлдвэр , гутлын үйлдвэр төдийгүй бусад манай улсын бүхий л салбарын үйлдвэр , аж ахуйн газарт бүтээгдэхүүний хийц , өнгө үзэмж , эдэлгээ , амт чанарын түвшинг дээшлүүлэхийн төлөө жинхэнэ өрсөлдөх  хөдөлгөөнийг өрнүүлбэл яасан юм бэ ? гэсэн санал байна. Би сургууль төгсөөд  ажил хөдөлмөр эрхлэхдээ  үүнийг л эрхэмлэнэ.
            Нийслэлийн 77-р дунд сургуулийн аравдугаар ангийн сурагч Ч.Раднаа.


No comments:

Post a Comment