Wednesday, April 4, 2012

Монголын " Эрсдлүүд " \ үргэлжлэл \


Монголын “Эрсдлүүд” ( Үргэлжлэл )
Хуучин бид улс орны эдийн засгийг 5 жилээр төлөвлөж , хөгжүүлдэг байснаа сүүлийн 20 гаруй жил төлөвлөж , тооцоолохоо больсон. Харин саяхнаас эрх баригч гол намууд 10, 20 , 30 жилийн хугацаатай төсөл , төлөвлөгөөнүүдээ боловсруулж ард иргэддээ танилцуулдаг болсон байна. Яахав болж л байна . Гэхдээ “ мөрөөдлийн жагсаалт “ л  болчихгүй бол. Төсөвлөж тооцохдоо ирээдүйд болж болох болзошгүй эрсдлүүдээ сайтар тооцох нь чухал болов уу.
6. Байгаль орчин
Сүүлийн 30 жил монголын байгаль , цаг уур  ямар их өөрчлөгдөн , хувирч , доройтож байгааг бид бэлхнээ харж байна . Хамгийн ойрхоноор нь Богд уулнаас харж болно. Биднийг бага байхад Богд уул маань  ямар сайхан өвс ургамал , жимс самартай , ан амьтантай ( буга,согоо )  байлаа . Зунжингаа Туулын эрэг (  Залаатын зуслан ) дээр загас, жараахай барьж, усанд сэлэн өнждөг байхад Туул  гол маань гол шиг гол , Богд уул маань уул шиг уул байждээ. Байгалийн энэ доройтол нь  байгалийн өөрийнх нь зүй тогтолоос ( дэлхийн дулаарал ) болж байгаа боловч хүмүүн биднээс  их зүйл шалтгаалсан билээ.  Байгальтай зүй бус харьцсанаас болж байгаль бидэнд том эрсдлүүдийг бий болгож байна . Хавар,намар нь уртсаад , өвөл зун нь богиносож , ган зуд элбэгшиж , газар хөдлөлт нэмэгдэж , ургамлын гарц багасаж , мал , амьтанаас гаралтай гоц халдварт өвчин гарах нь ихсээд , газар нутгийн 65%  нь цөлжиж байгааг тооцож үзэх хэрэгтэй. Судлаач Х .Болорболдын вакцины тухай бичсэн нийтлэлийг сайтар тунгаан унших хэрэгтэй. ( www.ubman.mn )  Бэлгийн морины шүдийг үздэггүй гэдэгчлэн Орос ах нарын бэлэглэсэн 30 сая ам.долларын өртөг бүхий малыг эрүүлжүүлэх вакцинд  “ но “ гараад байгаа юм биш үү. Баруун аймгуудын мал хээл хаяад байгаа нь энэ вакцинтай холбоотой гээд гадуур шуугиж байна.  Вакцинжуулсан энэ малын мах , сүүг бид хэрэглэнэ шүү дээ.
7. Хүний нөөц
Монголын эдийн засаг улам л уул , уурхайгаас хараат болж , бараг л “ нүүрсний “ эдийн засагтай болж байх шив дээ. Уул , уурхай салбар өөрөө ажиллах хүчний багтаамж багатай салбар болохоор юу юугуй л бүгдийг уурхайчин болгох гээгүй юм бол бусад салбаруудынхаа хүний нөөцийн бодлогийг эртнээс сайн төлөвлөж , цаашид монголд шинээр бий болох болон улам их өргөжин тэлэх салбаруудаа зөвөөр тооцон хүн ардаа түүнд бэлтгэн сургаж , боловсролжуулж , дахин шинээр дадлагжуулж , гаршуулж хүний нөөцөө өөрийн улсын иргэдээр бүрдүүлэх хэрэгтэй . Үнэхээр монголчууд бид урьд нь хийж байгаагүй , боловсон хүчин нь байхгүй ажил ,мэргэжил дээр яалт ч үгүй гадныхныг царайчлах байх л даа . Гэвч үүнийг эртнээс мэдэрч,  улс өөрийнхөө зардлаар  иргэдээ гадаадад болон дотооддоо бэлтгэх , мөн нэн шаардлагатай , хэрэгцээтэй байгаа  ажил , мэргэжлийнхээ талаар ( хэзээ, хэдэн хүн , ямар мэргэжлээр , ямар цалин хангамжтай байх талаар )  олон нийтэд , ялангуяа гадаадад байгаа монголчууддаа ил тодоор зарлан, таниулж сурталчилж  эх оронд нь урьж авчирч , харийнхнаар биш өөрсдөө бүтээн босголтоо гардан байгуулж , эдийн засгийн өсөлтийн  үр шимийг монголдоо шингээх нь чухал байна .Монголыг газрын баялаг , уул уурхай биш зөвхөн мэдлэг боловсролтой , хөдөлмөрч , чадварлаг хүний нөөцтэй Монгол л хөгжүүлж чадна .
8. Шашин
Эзэнт гүрэн байхдаа ч одоо ч бид  шашнуудыг хүлээн зөвшөөрч , хүндэлж ирсэн. Үндсэн хуулиндаа хүний шашин шүтэх эрхийг хангаж , хамгаалсан байгаа. Монголчуудын дийлэнх нь буддын шашин шүтдэг боловч сүүлийн үед христ болон лалын шашин шүтэгчдийн тоо ихэсэж байгаа нь хаа сайгүй баригдсан , баригдаж байгаа сүм , дуганы барилга харуулж байна. Тэгээд ч ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийгээр тархан амьдарч байгаа монгол угсаатнуудаа эх орондоо урьсан . Мэдээж эдгээр олон монгол угсаатнууд маань өөр өөр шашин , шүтлэгтэй байх нь гарцаагүй.  Тиймээс дийлэнх олонх болж байсан буддын шашинтны эзлэх хувь хэмжээ багасаж , бусад шашны урсгалуудыг дагагчдын эзлэх хувь хэмжээ илт нэмэгдэнэ. Үүнийг л  төр, засаг зөв зохистойгоор зохицуулж , үндэсний эв нэгдэлийг баталгаажуулж , эе эвийг сахиж байх хэрэгтэй.
9.Оюун санаа
Монгол эх орноо гэсэн нэгдмэл “идеаль”- тай байж , нэгэн зүгт, нэг зорилготой, зөв удирдлага доор хамтдаа , бүгдээрээ тэмүүлүүлбээс бид юуг ч бүтээж , байгуулж чаддагийг хаадын хаан байсан бидний эцэг, өвгөдийн түүх өгүүлдэг билээ .  Харин хэдэн тал болж хуваагдан өөр хоорондоо муудалцан , алалцсанаас болж харийнхны идэш болж байсан гашуун түүх ч бий. Нутаг ус, дов жалганы үзэл, хэт намчирхах , оюун санааны хоцрогдол , “тамын тогооны “ үлгэр  зэрэг нь бидний өрсөлдөх чадварыг бууруулж , бидэнд учрах эрсдлийг нэмэгдүүлж байна . Иймээс бид оюун санааны хувьд үндэсний дархлаатай байж , нэгдсэн нэгдмэл “ амбиц” – тайгаар   дэлхийн бусад улс орнуудаас ялгарч байж л тэдэнтэй өрсөлдөх  болов уу.
10.Баялгийн хуваарилалт
Өнөөдрийн монгол шиг цаашдаа байх юм бол бид хол явахгүй . Баян хоосны ялгаа асар хурдтайгаар нэмэгдэж , бүх ард түмний баялаг болсон байгалийн баялгийг цөөхөн гэр бүл болон гадаадын хөрөнгө оруулагч  нэртэй “шулаачид” эзэмшиж байгаа нь ард иргэдийн бухимдлыг төрүүлж , нийгэмд эмх замбараагүй байдлыг бий болгох нөхцлийг бүрдүүлж байгаа нь бас л эрсдлийг бий болгож байна . Бидний өрсөлдөгч болох Австралийн парламент саяхан нүүрс болон төмрийн хүдрийн  олборлолтоос авах татвараа 30% болгож нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн . Гэтэл бид бараг “ 0 %“ татвартайгаар л байгалийн баялагаа гадагшаа зөөж байна .  Ингэж л манайхны цөөхөн нөхөд , гадныхан мөнгийг цөм хийж байх шив дээ.  Чадаж байгаа юманд , арга байхгүй шүү дээ.  Бидний сонгож УИХ-ын гишүүн болгосон нөхдийн боловсруулж , баталсан хуулиуд нь энэ бололцоо , нөхцөлүүдийг нь хуулиараа баталгаажуулж хангаж өгсөн юм л хойно . Арга алга даа. Бид л өөрсдөө буруутай . Энэ байдлыг уул нь засаж залруулахад тийм ч хэцүү биш л юмсан .  Сонгуулиар тэр нөхдийг л дахиж сонгохгүй  бол  болоод  явчих нь гэсэн үг . Тиймээс ирэх сонгуулиар сонголтоо зөв л хийх хэрэгтэй байна даа . Тэгэж байж л шинэ , зөв хүмүүс гарч ирж байж баялагийг дахин шинээр шударгаар , эрх тэгш  хуваарилна.

                     СЭЗДС-ийн Бизнесийн Удирдлагын магистрант Ч. Раднаа

No comments:

Post a Comment